• Улсын салбарын дотоод аудиторуудын нэгдсэн зөвлөгөөн болж өндөрлөлөө

              Улсын салбарын дотоод аудиторуудын нэгдсэн зөвлөгөөнийг  2016 оны 6 дугаар сарын 15-16 өдрүүдэд Сангийн яам болон ЯОУХАБ-ын (JICA) Дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх төсөл хамтран амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөний хүрээнд Төсвийн ерөнхийлөн захирагчдын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба болон харьяа байгууллагуудын нийт 250 гаруй дотоод аудиторууд цугларан өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлын үр дүн, тулгарч буй асуудлуудын талаар болон ирэх жилийн Улсын салбарын Дотоод аудитын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцсэн билээ.

             Нэгдсэн зөвлөгөөний үеэр Улсын салбарын дотоод аудитын ерөнхий чиг хандлагаас гадна Төрийн аудит болон дотоод аудитын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн нь дотоод аудитын хөгжлийн чухал ач холбогдол бүхий алхмуудын нэг болсон. Үүнээс гадна, салбартаа тэргүүлэгч хувийн хэвшлийн болон төрийн өмчит байгууллагууд болох Төрийн банк, Хөгжлийн банк, MCS ХХК, АПУ ХК, Таван богд ХХК болон Нийслэлийн Дотоод аудитын албаны дотоод аудит, эрсдэлийн удирдлага болон хяналт, засаглалын үйл ажиллагаатай танилцан туршлага солилцсон нь тус зөвлөгөөний нэгэн онцлох хэсэг байлаа.

            Түүнчлэн Нягтлан бодох бүртгэл болон аудитын хуулийн шинэчлэлт, Төрийн болон орон нутгийн өмчийн хяналт, Эдийн засгийн гэмт хэрэг, залилантай тэмцэх болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, хяналт сэдвүүдийн хүрээнд хэлэлцэн нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй зөвлөгөөн болов.

             Тус зөвлөгөөнөөр Улсын салбарын дотоод аудитын тогтолцоо, хууль эрх зүйн орчин, дотоод аудитын гарын авлага, стандарт болон дотоод аудитын чанарын баталгаажуулалтаас гадна Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудиторын эрх үүргийн талаар мөн хэлэлцэн амжсан бөгөөд ирэх жилүүдэд улсын салбарын дотоод аудитын хөгжилд анхаарах шаардлагатай чиг хандлагыг тодорхойлсон шинэлэг санаачлалаар дүүрэн болж өндөрлөлөө.